Monday, December 3, 2018

Энгийн өглөөний дуун

Ѳчигдѳр эгч минь амаржсан учраас
Ѳнѳѳдѳр би
Ѳѳд болсон гурван хүнээ дурсмаар байна.

Эхлээд эмээ минь ѳѳд болсон.
Эмнэлэгт эцсийн удаа орохуй
Хүндээр амьсгаадан унтах нь
Хүний биш миний амьсгал шиг санагдсан.
Халуун гарыг нь үнсчихээд сэрээлгүйгээр
Хаа хол явахдаа
Богд уулыг хамт гороолж, шүүдэр гишгүүлж
Босгоод ирнэ дээ гэж том санасан.
Хагацахын цагт
Харамсахын хэцүүг тэгж үзсэн.
Хуурай мээмээ сүү ортол үнгүүлсэн
Хуучин Дѳрвѳд дуу эмэг минь.


Араас нь залуухан нагац минь явсан.
Аавгүй надад агаан
Ам алгадсан даруулга байсан
Их сургуулийн тѳлбѳр, идэш бэлдчихээд
Инээд алдсаар үлдсэн наймдугаар сарын хүнээ
Хѳвсийн бударсан ѳдѳр нэгдүгээр эмнэлгийн мооргоос
Хѳрсѳн биеийг нь ѳргѳж нутгийн унаанд хэвтүүлсэн
Хэзээд бэлэн нулимс ширгэчих шиг
Хэнгэнтэл сайхан уйлж ч чадаагүй.

Сүүлд том нагац минь одсон
Шуудай тѳмс мѳрлѳѳд таван шарын товчоон дээр
Сурсан зангаараа халамцуухан дѳхүүлж ѳгсѳн.
Цацрал эгч эвийлж, үнсэж, турсныг минь гайхах зуур
Цаана нь дуугүй л тамхиа сорж зогссон ахаан
Гэмтэлийн сэхээнд гавалаа цѳмлүүлчихсэн хэвтэхэд
Гэмтэн шиг л үүдэнд нь ѳвдѳг нугалаагүй хоносон.

Ѳчигдѳр эгч минь хүү тѳрүүлсэн учраас
Ѳнѳѳдѳр би тэднийгээ дурсаж байгаа юм.
Үйлийн үрээр ѳвѳрт минь эргээд унасан бол
Үгүйдээ л гүйцээж хайрлах хүсэл байна.
Үнэндээ арай бодит нь
Бүгд л амьдралд хайртай инээж байсан шиг
Бүрий нѳмрѳѳд цайхад би ч бас
Байх уу, үгүй юу?
Ураг дундаасаа арай гялайж үзэг шүүрснийх
Умарталгүй сануулж явах хүсэл байна.

Энгийн өглөөний дуун


ширвэж, ирмэж намайг
олон нүд зөрнө
ширгэж мэлмэрч намайг
цөөн нүд хүлээнэ.



Танил бүхэн анзаарагдамгүй хувьсчээ.

Цөөврүүдийг үзээгүй
гэрээсээ холдоогүй
цөөхөн хүнтэй сууринд
гэмгүйхэн өссөн.
сав саарлыг нь харахаар сэтгэл өвдөж
сар бороошход элэг дэвтэж
хувин савны ханигнах чимээ горьдох
худаг бараадсан хэдэн үнээг өрөвдөж
гэрээсээ холдвол зах нь харагдах сууриндаа
гэмгүйхэн өссөн.
ирэх тоолонд хэн нэгнийг минь нутаглуулчихсан суух
ихэр хүүхэд, шинэ айл зөрөөд ирчихсэн байх
агшны өмнө л орхисон мэт сууриндаа
агуйд зүйрмэглэсэн түлээний хүн шиг ирэх
ямархан хэцүү.
талын жижигхэн сууриндаа
ярьдаг, ярдаг цөөврүүдээс хол
танихгүй хүнгүй өссөн
танихгүй хүн болох гэтэл
хичнээн амархан
хичнээн...

Энэ өдрийн дуун

Од түгсэн
олон тогтоол туучиж
чамдаа очдог.
гишгэхэд үсэрсэн аль нэгийнх нь
гэрэлт биеийг чи халааснаас минь олдог.

цувуулж өгдөг олон гэрлийг
цуглуулж л суудаг чи минь
тогтоон тэвэрхийн тулд тэнгэр л болох
томоос том нар хэлхэж надад өгсөн.
Од түгсэн
олон тогтоол туучиж
одоо чамдаа улам их яараад л...

      Ж ирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа.  Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсол...