Wednesday, May 17, 2023

 


    Жирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа.  Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсолтой ширтдэг ижил хүйстнүүдийнхээ тухай бичих үү. Ямартай ч надад тэдэнд хүргэсэн ширхэг ч гэм хор үгүй билээ. Тэд сайн дураараа л үзэн ядаж, дургүйцэж байгаа нь надад илт мэдэгддэг юм. Яагаад гэвэл би сайн нөхөртэй, хүссэн зүйлээ хийж амьдарч байгаа гол нь үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэдэнд гоо үзэсгэлэн байгаа ч түүнийгээ мэдэлгүй хэдийн өөрийнхөө гоо үзэсгэлэнд итгэсэн мань мэтэд атаархаж суудаг нь тун тоогүй. Гэхдээ би эмэгтэйчүүдэд хязгаааргүй хайртай. Тэднийг гудамжаар үсээ шидлэн алхах, аль нэг толинд өөрийгөө толидон уруулаа будаж, кофе ууж, зарим нь тамхи татаж буй нь ч гайхалтай тэд өөр өөрсдийн гоо сайхнаар л хорвоог туулж байгаад нь талархдаг. Тэдний дуулсан дууг голцуу сонсож, бичсэн гайхалтай зохиолуудыг нь уншиж, яриаг нь нухацтай сонсож тэдэнтэй ганц шил ягаан дарс хувааж уухаас хэзээ ч татгалзахгүй нэгэн гэдгийг минь тэд мэдээсэй. Гэхдээ би тэднийг сонирхдогтоо биш хайрладагтаа л үүнийг бичиж буйг минь та ойлгож байгаа гэж найдаж байна.

    Харин одоо надад миний бичиж байгаа энэ бичвэр үнэхээр тэнэг санагдаж байна. Удахгүй усгах л байх.  

    

Friday, July 26, 2019

САМАРЧНЫ ТЭМДЭГЛЭЛ


Хоолны махаа нойтон хөвдөнд булж хадгална. Хэдий зуны адаг сар ч мах муудахгүй. Харин ялаа өт цацахыг нь яагаад ч аргалж чадахгүй дээ. Орой бүр жижигхэн цагаан өтнүүдийг хальт түүсэн болоод бор ходоодоо мялаадаг сан. Тэглээ ч, аглаг ойн гүнд амьдарна гэдэг очихоосоо хэд дахин хялбархан. Хоол хүнс, сав суулга, хөнжил сэлт, самрын машинаа үүрээд хичнээн мод газар өгсөх хэрэгтэй болно. Зам хааж унасан мод, хад асга таарах нь цаанаа л нэг харам тээгээд байх шиг. Шулуухан хэлэхэд энэ ойгоос хулгай хийх гэж яваадаа ч тэрүү бартаа бүхэн нь байгаль эхийн аягүйцэл мэт санагдаж байлаа.

1. ДИВААЖИНД ХАР ЗАХ НЭЭСЭН НЬ
Зуунмодын амыг баруун талаар нь хярлаж өгсөхөд Богд уулын Цагаан цоорхой хэмээх ойн чөлөөнд хүрнэ. Хамт яваа хэдийнхээ ард хоцорч, амармаар байвч төөрчихгүйн тулд унан бүдчин явахдаа л шантраад эхлэчихсэн байсан сан. Гэлээ ч жимсний бут, цэцэг навчнаас уйдаагүй сониучхан нас минь. Нэг л мэдэхэд эргэн тойрны модод жигтэй харагдах болов. Хүний толгойн дайтай хэсэгт модны холтос хууран унаж гол нь зулгаран түүн дээр шингэн давирхай дааварлаж байх аж. Ямар гээч хүчирхэг амьтан ингэдэг юм бол доо? хэмээн бодоход баавгай эсвэл хандгай л... Энэ олон эрэмдэг мод Цагаан цоорхойн хил юмсанжээ. Олон цагаан урц моддын завсраар харагдаж, галынх нь утаа эгэм цээжний дайтай хөвөх нь аль нэг ширэнгэд эртний овогтой таарав уу гэмээр. Тэнд л бид буух учиртай байлаа...
Гэвч ойртох тусам тэд эртний овог, бид ширэнгийн аялагчид биш ажээ. Хэдэн тулгуур модыг битүү гялгар цаасаар хулдаж бороо нэвтрэхээрхгүй урц маяг оруулж барина. Зарим нь ч бэлэн майхантай байх. Хурааж овоолсон боргоцойнуудаа гялгар цаасаар бүтээж борооноос хамгаалжээ. Олон хүний дотор хамгаас содон нь хүүхдийн дуу. Гэр бүлээрээ самарчилж яваа хүмүүс хүүхдээ хүртэл үүрч дүүрэн авчирдаг бололтой. Биднийг тэнд буухад найман сар талдаа шүргэж байсан ба боргоцой бүрэн боловсрох яагаа ч үгүй байлаа. Чухам энд л амьдралын төлөөх жинхэнэ бохир, муйхар тэмцэлтэй палхийтэл нүүр тулав. "Хэн боргоцой боловсрохыг хүлээнэ, тэр хүн хоосон хоцорно!"
Хэдэн өдөр уйгагүй зүтгэсэн ч түүхий боргоцой унагаж чадаагүй самарчид хөзөр тоглож, ганц нэг шил архи задлаж өдрийг өнгөрөөнө. Утасны сүлжээ, гоо сайхны бараанаас бусад нь цөм энд байгааг хараад "аглаг" гэж яав ч хэлмээргүй. Ойролцоох асганы захаар явхад үмхий ханхалж, 00-ийн цааснууд борооны мөөг шиг хүрээлж харагдах нь УБ-ын хамгийн ядуу хорооллын мухар гудам шиг мэдрэгдэж билээ. Маргааш өглөө нь би анх хуш мунадаж үзэв. Чухам тэгэж зогсохдоо л энэ ойд хэрэмнээсээ олон хүн, хүнээсээ олон эрэмдэг мод бийг мэдэрч, ийм нэгэн өдөр тийм нэгэн модонд өөрийн гараар шарх зурна чинээ яахин санах...
"Мод болгоны доор нэг хүн
Боргох нохой шиг ээрээд л
Мод болгоны дээр айсан сэтгэл
Боргоцойгоо чулуу шиг шидээд л... -Өврийн дэвтэр 2016.08.17"

2. БИД ХЭРЭМ БИШ УЧРААС...
Бид хэрэм биш учраас мөчрөөс мөчир хооронд дүүлж чадахгүй. Гэхдээ хүмүүс учраас оролдож үзнэ. Зарим нь бүтэлгүйтнэ. 10 метрийн өндрөөс... “Дахиад нэг хүн тугдайчихаж” гэж ярилцана. Хэн ч харамсахгүй. Бид хэрэм биш учраас самар түүж болохгүй. Цагдаа нар хөөнө. Уулыг бүслэж байгаад чонын үргээлэг шиг л... Бид хэрэм биш учраас түүсэн самартаа ханахгүй. Нойтон, бүдүүн нарсыг 2 алдаар огтолж, урт нарийн мөчрөөр ацлаж хөл хийнэ. Тэр бол илжгэн муна. Түүнийгээ үүрээд л ойгоор тэнэнэ. Багсайсан боргоцойтой хуш таарвал зулгартал нь мундана. Нээг... хоёрын.. гураваа...! гэж байгаад л... Нэг хүн мунаныхаа доор орж зогсоно. Мунатайгаа хамт сайн гэдийж байгаад л хамаг хүчээрээ цохих учир бяртай хүн хэрэгтэй. Мунаныхаа их биеээс олс уяж үзүүрийг нь гартаа сайн бөхөлж аваад хоёр хүн өөдөөс нь харж зайдуухан зогсоно. Дугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг! Гурвуулаа нийлээд л газар дүнгэнтэл мундана. Нэг мундаад толгойгоо дараад сууна. Боргоцой мөндөр шиг л унах агаад толгой хагалах ч, хоёр нүдний хүүхэн хараа зөртөл цохих ч энүүхэнд. Бид хэрэм биш учраас шуудай, шуудайгаар нь л зөөнө. Шуудай, шуудайгаар нь л гар аргаар хийсэн машиндаа цайруулна. Гол төмрөнд олон өргөс төмөр гагнаад суулгачихсан бутлагчаа төмөр торхонд байрлуулж нэг үзүүрт нь эргүүлэх бариул гаргана. Түүндээ боргоцойгоо хийж эргүүлж бутлаад гарсныг нь шууд өргөн шигшүүрт, тэндээс гарсныг нарийн шигшүүрт шигшинэ. Бид хэрэм биш учраас тэжээвэр хэрэмтэй болох сон гэж мөрөөднө. Мөрөөдөл мэдээж биелэхгүй. Биелүүлчихээр олигтойхон гарууд бол энд юугаа ч хийж явхав дээ...

3. САМАРЧИН БА НАРКОТИК ДЭМИЙРЭЛ
Бороо дөрөв дэх хоногоо орж байна уу даа. Удахгүй хичээл орох гэж байхад бүтээсэн ажилгүй уулын модонд зутарч суух гэж. Самрын үнэ судлахаар уржигдар уулнаас буугаад буцаж ирсэн ахад дулаан оймс хэдийг захисан юм. Зуунмодод ээжтэй уулзахад нь -Та мэдээд авчих... гээд мөнгө өгчихсөн байгаа юм даа. Гомдох ч шиг. -Ах нь уулнаас буугаад мөнгийг нь өгье, чи ахынхаа зузаан оймсыг өмсчих! гэсээр хэдэн шил архи болгоод ирэлгүй яахав дээ. Өчигдөр үдэш отогт зочин ирж, манай хэдтэй нийлэн гударч, гударч шөнө болгоод миний хажуугаар хэвтлээ. Майхан дээр намрын бороо тор торхийн дуслаад л, жижигхэн сиймхээр саран дугариглаж, тэртээ Зуунмод тунгалаг нүүрэнд нь ойн байна уу даа гэмээр нүдэнд тодорно. Тэгтэл өнөөх бүдүүн архичин оч манартал алгадаад авав, намайг! –Би төөрчихлөө, төөрчихлөө... гэж орилоод л зүүдлэж байна. Арай гэж тайвшруулаад хэвтлээ. Гадаа бас хоёр согтуу нь ярилцана.
-Наадахаа балгачих л даа, өвгөөн!
-Хаана байгаа юм бэ, тэр чинь!
-Өө, аятайхан ч ууж чадахгүй банди...
Нэг хорооны ах нар, нэг отог болж яваа самарчид юм болохоор унтуулчих санаатай гарав. Гэтэл юун архи, юун балгах... Духаараа мөргөлдөөд суучихсан хоёр согтуу, хажууд нь хэдэн хоосон шил, хуванцар сав тайрч хийсэн хундага нь тээр цаана шидигдчихсэн ойн шөнө л эд өтгөрч байх аж. Хамт уусан нэг залуу нь овоолсон боргоцойн дотроо тасраад өгч, бас амандаа нэг юм үглээд байна аа! Арай л гэж үүр цайлгалаа. Дахиад л бороо, дахиад л архи, явуулын дэлгүүр...

4. ЭРЛЭГ НОМУНЫГ ХАХУУЛЬДВАЛ ТАМААС Ч ЗУГАТАЖ БОЛНО.
Ашгүй уулнаас буух боллоо. Хэд хоног цайруулсан самраа үүрч хэдэн километр газар цагаалаад ойн захад гарч ирэв. Одоо л хамгийн эрсдэлтэй ажил эхлэж байгаа нь энэ! Уулын ам хариуцсан хамгаалагчийн хажуугаар 4 тонн цайруулсан самрыг хэрхэн нууж гарах вэ гэдэг бол том асуудал. Машинд ачиж явахаас өөр аргагүй. Ах нар унаа олж ирэхээр Зуунмод руу явцгаалаа. Араас нь уван цуван явсаар би ганцаараа үлдчихдэг юм байна. Хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. Аадар бороотой шөнө ойн захад гал түлж, гэрэл гаргах ч эрхгүй ганц хүн. Самраа л норгож болохгүй учраас гялгар уутаар сайн бүтээгээд өөрөө дунд нь шургаад хэвтчихэв.
Өглөө нар хэдийн мандсан хойно намайг чиглээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын пурьгаан ирж байна. Шөнөжингөө чичирч хоносон уруул ам өмөлзөөд л явчихлаа. Арай ч дээ. Пурьгаан ч яг намайг тулаад л зогсов. Ингээд дууслаа. Юун сургалтын төлбөр, юун сургууль соёл! Дотроос нь манай отгийнхон цувраад л буугаад ирдэг юм байна. Өө хөөрхий! Та нар бас баригдчихсан уу? Өчигдөр Зуунмодод навсайтлаа ууж байж цагдаад баригдаад айхдаа самраа заагаад өгчихөж л дээ, муу малууд... гэж бодлоо. Гэтэл үгүй ээ. Хулгайн самраа зөөлгөхөөр хөлсөлсөн машин нь юм байж л дээ. Инээд ч хүрэх шиг. Дүүртэл нь самраа ачаад л өөрсдөө самрынхаа дээр үлдсэн ганц төө зайнд хэвтээгээрээ чихээд давхиж өглөө. Алдарт аврагын эзэмшил амны шалган дээр ирвэл зогсоосон ч үгүй. Тэр үед, Эрлэг Номуныг л найрчихвал тамаас ч зугтчихаж болох юм шив дээ! гэж бодож билээ.

5. ЧЕНЖ БОЛ ЕСҮС!
...

2016.09.02-09.14нд Тө.Б

Үлдэх гэдэг сэтгэл шархлахаасаа гадна

Тэгэхэд би
Өрнө, дорнодоо бартаат эгц уулстай бяцхан ойд
Өр ширээсээ зугтсан этгээд шиг л очоод бүгчихсэн юм.
Хуучны романтик өдрүүд, Дарвины "Эволюцийн онол"
"Хүн бол нийгмийн амьтан" гэх эвдлээд шидчихмээр хэдэн үг,
Охидын "Төрсний дараа галбир алдагддаггүй ч болоосой" гэх мөрөөдөл дунд
Олны танил хүүхнүүд хэд ч амаржсан гоо сайхнаараа тухай уулга алдалт,
дэн дун хайрын зурвас, дэл сул хямдхан номс
дэмий санагдаад арилж өгсөн юм.

Тэгэхэд бас
Үхлийн тухай санаа ч үгүй нэгний хураасан хогшлууд
Үүд хоймроор хөглөрч,
Үлдэх гэдэг сэтгэл шархлахаасаа гадна
Үлдээсэн зүйлсэд нь дарагдахын нэр юм байна гэж бодоод л
Эд хогшил ч бүүр яая гэхэд
Эзэнтэйгээ хамт яваагүй бодол мөрөөдлүүд нь
Эргэлдээд хэцүү болохоор л зугтаад явчихсан юм.

Тэгэхэд би
Сэтгэл гутралын аймшигтай хүнд хэлбэр эсвэл
Сэтгэцийн биш юм аа гэхэд ходоодны ч юм уу хавдар
Аль нэгээр нь өөрийгөө өвчдихсөн гэж төсөөлөөд л
Аль хэдийн өвдөөд эхэлснээ ч мэдэрч л байсан.
Шүлэг бичихгүй цөхөх үедээ хэдэн тугал үргээсэн шиг
Зүлэг ширтэхүй арай өндөр, арай сахлаг өвснүүд гацуур, нарс мэт санагдаад л
Хашааны толгойгоор шонхор эсвэл элээ нисэхэд зургийг нь авмаар болоод
Харайлгасаар, утсаа авахаар дотогш оронгуутаа л нам унтаж орхидог сон.

Тэгэхэд би, өө
Тэр газар их удаагүй юм аа, өнөөх
Өндөр уулс, өтгөн ойгоо орхиод
Өөрөө л буцаад ирсэн сэн, эр хүн ч бол доо!
Замдаа харин ялдам солонгорсон эрвээхий хараад
Загасны ч, муурны ч үр хөврөл хүнийхтэй адил байдгийг сэрхийтэл санасан шүү

Үдэш

Өрөөний чанх голд буй
Мөнгөний мод,
Өвч хүрээлэх
Ханын цаасны цэнхэрхэн яргуйнууд...
Цагаан, шохойн саваар
ваарыг нь орлуулсан модныхоо
Цаана нь тэр, наана нь
найз бүсгүй нь хэвтчихсэн
Доналд нугастай гэрлийн бүрхүүлээ ширтэн
Дотно үгсийг үе үе шивнэлдээд л
үдэш боллоо.

Залуугийн өсгөгчөөс монгол рэп дуу, дараа нь ABBA л бололтой хамтлаг,
Залгуулаад Төмөрбаатар-ын "Сайн байна уу, Улаанбатар минь" хангинаад л
Амьдрал бол эмх цэгцийг эрэлхийлсэн эмх цэгцгүй
Аль болох эрээгүй үгс, хамаагүй хоршил гэж бодогдтол
Дундаа цэцэг тавьсан цалгардуухан залуу хосыг
Дуугүй ширтэх цаасан яргуйс ягаараад
нар шингэлээ.

Юу бодно вэ

Мартахыг хүсдэг дурсамжууд л амь бөхтэй байдаг
Мартах сан гэсэн бодол л мартуулдаггүй юм шиг!

Хагацах л заяатай хүнд хайр илүү дасдаг
Хагацахгүй дээ гэсэн бодол л хагацаадаг юм шиг!

Sunday, July 7, 2019

Дархан сумаас буцахуй

....
Өө! Хорь нэлээд гарчихаж дээ би
Өчигдөрхөн буйл анх удаа өвдлөө, гэтэл
Эмээ нь уржигдар борхүүгийн минь
шүд цухуйсныг харчихаад
Эм хундан хонь зүслээд л сүйд болов шүү.
Үүлэн хулдсан тэнгэрийг нэвт шунган
Үзэмжит хийдийн алтан ганжир босох мэт
Нар мандлаа.
"Холдон явж буй энэ л мөчөөсөө эхлээд
Хонгор минь чамдаа очиж яваа юм, би ирж яваа юм чам руу..."
Толгойд энэ л шүлэг эргэлдэж
Торойгоод үлдсэн гэргийгээ өрөвдөж
Авъяасаа шавхсан
Амьдралаа эчнээ дэмий үрсэн хотруугаа
Буцаж байна аа, би!
Цуснаас бусдыг гандаах нар салхи
Цувсан хэдэн тойрмын булингар хөхнө
Анх удаа л
Ааваасаа өөр аавыгаа өрөвдөж үзлээ.
Хорвоо хатах говийн наранд
Ховоо татах говийн хүн
Хадам аав минь
Хэзээний л сайн байдаг юм, над!
Өө, хорь хэдийн гарчихаж дээ би
Өнөөдөр л анх удаа тэднийгээ бодож шимширлээ.

Wednesday, June 5, 2019

Буудайн ширхэг шиг үр минь...

Ижийгээ ачлах эвээ олоогүй
Идэрхэн явсан
Ижилхэн тийм л нэгэн үрийг
Ижлээ болгосон.
Ааваан асрах аргаа олоогүй
Амар явсан
Адилхан тийм л нэгэн үрийг
Амрагаа болгосон.
Одоо бол...

"Хөх яргуйтай өлгийндөө
Буудайн ширхэг шиг үр минь
Бүүвэй, бүүвэй..."

Жорон, жорон гөрөөс зүүдлэж
Эрхий нь чилэх үр минь,
Хором, хором сэрвэлзэж
Энгэр нь чинэх эхнэр минь
Үгүүлшгүй халуун!
Өхөөрдөн асрах ээж минь
Намайг л хоёр дахиа өсгөх шиг санагдах
Өвдөлт, тайтгарал зэрэг төрөх ч
Үгүүлшгүй халуун!
Одоо бол...

"Хөх яргуйтай өлгийндөө
Буудайн ширхэг шиг үр минь
Бүүвэй, бүүвэй..."

      Ж ирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа.  Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсол...