Friday, July 26, 2019

Үлдэх гэдэг сэтгэл шархлахаасаа гадна

Тэгэхэд би
Өрнө, дорнодоо бартаат эгц уулстай бяцхан ойд
Өр ширээсээ зугтсан этгээд шиг л очоод бүгчихсэн юм.
Хуучны романтик өдрүүд, Дарвины "Эволюцийн онол"
"Хүн бол нийгмийн амьтан" гэх эвдлээд шидчихмээр хэдэн үг,
Охидын "Төрсний дараа галбир алдагддаггүй ч болоосой" гэх мөрөөдөл дунд
Олны танил хүүхнүүд хэд ч амаржсан гоо сайхнаараа тухай уулга алдалт,
дэн дун хайрын зурвас, дэл сул хямдхан номс
дэмий санагдаад арилж өгсөн юм.

Тэгэхэд бас
Үхлийн тухай санаа ч үгүй нэгний хураасан хогшлууд
Үүд хоймроор хөглөрч,
Үлдэх гэдэг сэтгэл шархлахаасаа гадна
Үлдээсэн зүйлсэд нь дарагдахын нэр юм байна гэж бодоод л
Эд хогшил ч бүүр яая гэхэд
Эзэнтэйгээ хамт яваагүй бодол мөрөөдлүүд нь
Эргэлдээд хэцүү болохоор л зугтаад явчихсан юм.

Тэгэхэд би
Сэтгэл гутралын аймшигтай хүнд хэлбэр эсвэл
Сэтгэцийн биш юм аа гэхэд ходоодны ч юм уу хавдар
Аль нэгээр нь өөрийгөө өвчдихсөн гэж төсөөлөөд л
Аль хэдийн өвдөөд эхэлснээ ч мэдэрч л байсан.
Шүлэг бичихгүй цөхөх үедээ хэдэн тугал үргээсэн шиг
Зүлэг ширтэхүй арай өндөр, арай сахлаг өвснүүд гацуур, нарс мэт санагдаад л
Хашааны толгойгоор шонхор эсвэл элээ нисэхэд зургийг нь авмаар болоод
Харайлгасаар, утсаа авахаар дотогш оронгуутаа л нам унтаж орхидог сон.

Тэгэхэд би, өө
Тэр газар их удаагүй юм аа, өнөөх
Өндөр уулс, өтгөн ойгоо орхиод
Өөрөө л буцаад ирсэн сэн, эр хүн ч бол доо!
Замдаа харин ялдам солонгорсон эрвээхий хараад
Загасны ч, муурны ч үр хөврөл хүнийхтэй адил байдгийг сэрхийтэл санасан шүү

No comments:

Post a Comment

      Ж ирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа.  Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсол...